Урлаг Спорт

Архангай аймагт "Бие бялдрын түвшин тогтоох сорилын төв" ашиглалтад орлоо

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Урлаг Спорт

2025-04-23 | 16:51:00

 
 
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Архангай аймагт шинэлэг дэвшилтэт технологид суурилсан бие бялдрын түвшин тогтоох сорилын төв байгуулагдлаа. Тухайн төв анхан шатны хэмжилтийн гурван төхөөрөмж, бие бялдрын сорилын долоон төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд Монгол Улсад анх удаа хоёр дүүрэг, хоёр аймагт байгуулагдаж буй цөөн тооны төвүүдийн нэг болж байгаа юм.
Тус төвийн онцлог нь хүний биеийн бүтцийн 13 үзүүлэлтийг дэлгэрэнгүй харуулдаг анхан шатны шинжилгээний аппараттай бөгөөд булчин, өөхний бүтэц, дотор өөхлөлтийн хэмжээ, биеийн элементүүдийн зохистой харьцаа зэрэг чухал мэдээллийг өвдөлтгүйгээр тодорхойлох боломжтой юм. Өнөөдөр хамгийн их тохиолдож буй халдварт бус өвчлөлүүд болох цусны даралт ихсэлт, зүрхний хэм алдагдал, хоол боловсруулах замын эмгэг, таргалалт, бодисын солилцооны эмгэг зэрэг олон асуудлыг эрт илрүүлж, урьдчилан сэргийлэхэд энэхүү төв чухал ач холбогдолтой.
Ингэснээр орон нутагт шинжлэх ухааны үндэслэлтэй, бодит дата дээр суурилсан судалгаа шинжилгээ хийх, иргэдийн бие бялдрын түвшнийг үнэлэх, эрүүл амьдралын хэв маягийг төлөвшүүлэх томоохон боломж нээгдэж байна.
Сорилын төвийн мэргэжилтэн Л.Бямбасүрэн: Ажлын өдрүүдэд ард иргэд үнэ төлбөргүй бие бялдрын түвшин тогтоох сорилд хамрагдах боломжтой. Одоогоор бид Хүүхдийн наадамд аймгаа төлөөлөн оролцох тамирчдыг сорилд хамруулан ажиллаж байна.