Улс төр

АЙМГИЙН ИТХ-ЫН ЭЭЛЖИТ IV ХУРАЛДААНААР ДӨРВӨН АСУУДАЛ ХЭЛЭЛЦЭН БАТЛАВ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Улс төр

2025-04-01 | 20:01:30

 

3-р сарын 31-ний өдөр Аймгийн ИТХ-ын ээлжит IV хуралдаан хуралдаж, 4 асуудал хэлэлцэн шийдвэрлэлээ. Тодруулбал

1. Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухай

2. Ахуйн зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар тогтоох тухай

3. Хөнжил-гурван яргайтын нурууг байгалийн нөөц газрын ангиллаар улсын тусгай хамгаалалтад авах санал уламжлах тухай

4. Орон нутгийн өмчийн тухай гэсэн дөрвөн асуудлыг хэлэлцсэн юм.

Энэ удаагийн хуралдааны бүрэлдэхүүнд 41 төлөөлөгчийн 30 нь буюу 73,1 хувийн ирцтэйгээр хуралдлаа.

 

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоох тухайд:

АЙМГИЙН ХЭМЖЭЭНД 81 ОВОГ, 231 ТӨРӨЛД ХАМААРАХ 946 ЗҮЙЛИЙН УРГАМАЛ БҮРТГЭГДСЭНЭЭС НЭН ХОВОР УРГАМАЛ 46 ЗҮЙЛ, ХОВОР 78 ЗҮЙЛИЙН УРГАМАЛ УРГАДАГ

Архангай аймаг Монгол орны ургамал газарзүйн тойргийн Хангайн уулын тойрогт, уулын ойт хээрийн бүлгэмдэл зонхилж, уулын хээр, өндөр уулын, хээрийн ба хуурай хээрийн бүлгэмдлийн ургамлууд ургадаг. Аймгийн хэмжээнд 81 овог, 231 төрөлд хамаарах 946 зүйлийн ургамал бүртгэгдсэнээс нэн ховор ургамал 46 зүйл, ховор 78 зүйлийн ургамал ургадаг.

Дээрх ургамлуудаас ашиглалтад өртөмтгий нэн ховор 26, Ховор 46, элбэг 147 ургамлын төлбөрийн хэмжээг ургамал тус бүрээр гарган, батлуулахаар өргөн мэдүүлжээ. Байгалийн нөөц ашигласны төлбөрийн тухай хуульд нэн ховор ургамлын нөөц ашигласны төлбөрийг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 25-30 хувь, ховор ургамлын нөөц ашигласны төлбөрийг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 15-20 хувь, Элбэг ургамлын нөөц ашигласны төлбөрийг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 5-10 хувьд багтаан аймгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаар хэлэлцэн батална гэсэн байдаг.

Байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тогтоохоор 203 иргэнээс нээлттэй санал асуулга авахад Нэн ховор ургамлын нөөц ашигласны төлбөрийн хэмжээг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 25 хувиар тооцож авахыг судалгаанд оролцогчдын 45.3 хувь буюу 92 хүн, ховор ургамлын нөөц ашигласны төлбөрийг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 15 хувиар тооцож авахыг 37.9 хувь буюу 77 хүн, элбэг ургамлын нөөц ашигласны төлбөрийг тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 5 хувиар тооцож авахыг 37.4 хувь буюу 76 иргэн санал өгсөн буюу хамгийн их саналуудыг авсан байна.

Иргэдийн саналд үндэслэн Байгалийн  ургамлын нөөц ашигласны төлбөрийг нэн ховор ургамалд тухайн экологи-эдийн засгийн үнэлгээний 25 хувиар, ховор ургамалд тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 15 хувиар, элбэг ургамалд тухайн ургамлын экологи-эдийн засгийн үнэлгээний 5 хувиар тооцож авах саналыг оруулж байлаа.

 

Ахуйн зориулалтаар 2025 онд агнах, барих агнуурын амьтны тоо хэмжээний дээд хязгаар тогтоох тухайд:

Аймгийн ан агнуурын менежментийн төлөвлөгөө, Өгийнуурын загасны нөөцийн судалгаа, сумдаас ирүүлсэн санал зэргийг үндэслэн 2025 онд ашиглах агнуурын амьтны төрөл, тоо хэмжээний саналыг боловсруулан Амьтны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.8.1 дэх хэсэгт заасны  дагуу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн  яаманд хүргүүлсэн.

Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны А/896 дугаар тушаалаар 2025 онд аймгийн хэмжээнд ахуйн зориулалтаар агнах, барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг  бор гөрөөс 21, саарал чоно 25, ойн зэрлэг гахай 7, монгол тарвага 230, ногтруу 25, хөхвөр тагтаа 30, загас 11.640 ширхгээр тогтоосон байна.

Сумдын санал, агнуурын нөөцөд үндэслэн ахуйн зориулалтаар агнах , барих амьтны тоо хэмжээний дээд хязгаарыг Ихтамир суманд бор гөрөөс-2, ойн зэрлэг гахай-1, саарал чоно-5, монгол тарвага-20, Чулуут суманд саарал чоно-5, монгол тарвага-20, загас 350, Хангай суманд саарал чоно-5, монгол тарвага-40, загас-50, Тариат суманд ойн зэрлэг гахай-1, саарал чоно-5, монгол тарвага-15, загас-200, Өндөр-Улаан суманд бор гөрөөс-2, монгол тарвага-10, Эрдэнэмандал суманд бор гөрөөс-2, монгол тарвага-10, Жаргалант бор гөрөөс-2, ойн зэрлэг гахай-2, монгол тарвага-15, загас-100, Цэцэрлэг суманд монгол тарвага-30, Хайрхан суманд монгол тарвага-5, бор гөрөөс-1, Өгийнуур суманд ногтруу-15, хөхвөр тагтаа-20, загас 10560, Хотонт суманд Бор гөрөөс-1, ногтруу 10, хөхвөр тагтаа-10, Цэнхэр суманд бор гөрөөс-2, ойн зэрлэг гахай-1, загас-100, Төвшрүүлэх суманд бор гөрөөс-1, Булган суманд бор гөрөөс-4, ойн зэрлэг гахай-2, саарал чоно-5, загас-200, Цахир суманд бор гөрөөс-1, монгол тарвага 50 толгой байхаар  хуваарилжээ.