Нийгэм

АРХАНГАЙ: МАТЕМАТИКИЙН БАГШ НАРЫН СУРГАЛТ ЭХЭЛЛЭЭ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Нийгэм

2025-01-13 | 15:25:25

Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан зорилтын хүрээнд аймгийн ЕБС-ийн багш нарыг чадавхжуулах сургалт математикийн багш нарын сургалтаар өнөөдөр эхэллээ. Таван өдрийн турш үргэлжлэх энэхүү вакумжуулсан сургалтад аймгийн төв болон сумдын 50 гаруй математикийн багш хамрагдаж байна. Сургалтыг ШУ-ны гавьяат зүтгэлтэн доктор, профессор В.Адьяасүрэн, доктор Б.Сандагдорж, МУГБ З.Бат-Эрдэнэ, доктор Б.Санчир, багш Ж.Уламбаяр удирдан явуулах юм.
 
Аймгийн Засаг дарга Б.Цэрэннадмид сургалтын эхэнд “Сайн багш нартай байж сайн сурагчид бий болно. Нэг удаа сургалт хийгээд орхих бус үе шаттай сургалтуудыг тогтмол явуулж байж үр дүнд хүрнэ. Энэхүү сургалтын гол зорилго бол багш нар өөр хоорондоо өрсөлдөх биш хамтран суралцаж, хамтран хөгжих юм. Магадгүй энэ хамтарсан сургалтын үр дүн 5, 10 жилийн дараах сурагчдын амжилтаар гарах ч, нэг сайн багшаас илүү нийтээрээ сайн багш болох нь хамгийн чухал. Үүний тулд аймаг орон нутгийн зүгээс шаардлагатай дэмжлэгийг үзүүлж, тогтмол мэргэжил, аргазүйн сургалтаар хангах болно. Үүний тулд та бүхний хичээл зүтгэл, хамтын ажиллагаа ч мөн чухал” гэдгийг онцлон хэллээ.