Улс төр

Агданбуугийн (Анандын) Амар (1886-1941)

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Улс төр

2024-04-27 | 12:35:00

Ингүүн.мн сайт нь сайтын бодлогодоо танин мэдэхүй, тэр дундаа эх түүхийн холбогдолтой мэдээ мэдээллийг нийтлэхээр төлөвлөн ажиллаж байна. Бид энэ удаа олноо өргөгдсөн Монгол улсын язгууртан, мяндагтнуудын тухай цуврал нийтлэлээ хүргэж байна.

Агданбуугийн (Анандын) Амар (1886-1941)

А.Амар 1886 онд Түшээт хан аймгийн Эрдэнэ дайчин вангийн хошуу, одоогийн Булган аймгийн Хангал сумын нутагт тайж Агданбуугийн гэрт мэндэлсэн. Чингисийн үр Тулуй эзний үр Баянмөнх Даян хааны отгон хүү Гэрсэнз Жалайр хунтайжийн залгамжир, алтан ургийн Агданбуу тайжийн голомт залгасан ганц хүү. Гонгор нэртэй байгаад 1910-аад оны сүүлчээр өвдөж, лам багш Амар хэмээн нэрийг нь сольсон. Эцэг Агданбуу тайжийн сахилын нэр Ананд тул Анандын Амар гэдэг.

            Багадаа дайчин вангийн хүрээний сургуульд Монгол бичиг, манж, төвөд хэл сурч, Монголынхоо түүхийг сонирхон судлаж эхэлсэн. А.Амар арван гэр, багийн бичээчээс төрийн албанд зүтгэх гараагаа эхэлж, 1913-1917 онд Гадаад яаманд бичээч, эх зохиогч, дэс түшмэл, 1917-1918 онд хойд хилийн харуулын 50 цэргийн захирагч, Автономитыг устгахад нутагтаа одож, мал малласан. Ардын хувьсгалын дараа 1923-1928 Гадаад яаманд эрхэлсэн түшмэл, сайд, Дотоод ба Аж ахуйн яамны сайд, Ерөнхий сайдын жинхэнэ орлогч сайд, 1928-1930, 1936-1939 онд Ерөнхий сайд, 1930-1932 онд Шинжлэх ухааны хүрээлэнгийн дарга, 1932-1936 онд Улсын Бага Хурлын Тэргүүлэгчдийн даргаар ажилласан.

            А.Амар төрийн өндөр дээд албанд зүтгэхдээ үндэсний ардчилсан чиг шугам баримталж, улс орны эдийн засгийг хөл дээр нь босгох, хууль, дүрэм, заавар зэрэг төрийн 300 гаруй баримт бичиг баримт боловсруулахад оролцож, орчин үеийн шинжлэх ухааны салбаруудыг хөгжүүлэх, улс орны гадаад харилцааны алтан аргамжийг үндэсний эрх ашгийн үүднээс зөв татах, хууль ёсыг завхруулан гажуудуулахын эсрэг байр суурь баримталж, 1933 онд “Лхүмбийн хэргийг” нягтлан шалгуулж, буруугүй хүмүүсийн ихэнхийг суллах арга хэмжээ авч байв.

            1939.03.07-нд МАХН-ын Төв Хорооны Тэргүүлэгчдийн Хурлаар А.Амарын асуудлыг авч хэлэлцэж, Төв Хорооны нарийн бичгийн дарга Д.Лувсаншарав: “Амар бол ангийн дайсны эрх тусыг өмгөөлөн хамгаалагч мөн. Энэ нь Японы тагнуулаас ... хэдэн хувь дор юм” гэж буруутган, албан тушаалаас огцоруулж, баривчлаад ЗХУ-д хүргүүлсэн.

            1941.07.10-нд ЗСБНХУ-ын Дээд шүүхийн цэргийн коллегийн хаалттай хуралдаан дээр А.Амар “Би бол хэрэгтэн биш. Урьдчилсан байцаалт дээр надад тулган хүлээлгэсэн учир түүн дээр өгсөн мэдүүлгээсээ татгалзаж байна. БНМАУ хэрэв тусгаар тогтносон улс юм бол яагаад намайг Зөвлөлтийн шүүх шүүж байгаа юм бэ?... Би бол Монголын ард түмэндээ хайртай, Би Оросын ард түмэнд элэгтэй, харин “улаантан”, тэдний засагт дургүй... хэтээсээ том улс үндэстэн бага буурай улс үндэстнийг түрэмгийлэн эзэлж, удирдагчдыг нь барьж хорьдог. Яг ийм маягаар ЗХУ Монгол улсад хандаж байна. Түүний тод жишээ нь миний бие буюу” хэлжээ. 1941.07.11-нд ялын дээд хэмжээгээр шийтгэгдэж, 1941.07.27-нд цаазлагдсан, ЗСБНХУ-ын Дээд шүүхийн Цэргийн коллегийн 1956.12.15-ны магадлалаар А.Амарын хэргийг хэрэгсэхгүй болгож, ЗСБНХУ-ын Ерөнхий прокурорын цагаатгасан тухай мэдэгдлийг үндэслэн БНМАУ-ын АИХТ-ээс 1962 онд цагаатгасан.