Өдөр тутмын мэдээ

АРХАНГАЙ: ЧУЛУУТ СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ СЭРГЭЭГДЭХ ЭРЧИМ ХҮЧНИЙ ХАЛААЛТЫН СИСТЕМИЙГ НЭВТРҮҮЛЖЭЭ

Сэтгүүлч С.Пүрэвдулам

Өдөр тутмын мэдээ

2025-11-05 | 16:29:59

 
Монгол улсад анх удаа Архангай аймгийн Чулуут суманд сэргээгдэх эрчим хүчний халаалтын систем нэвтэрч, ЭМТ-ийн цахилгаан, дулааны хэрэглээг Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэрээр бүрэн хангахаар болжээ. Тодруулбал хэрэглээнээс илүү гарсан цахилгааныг төвийн шугамд нийлүүлэх давуу талтай, мөн жил бүр зарцуулагдах 25 сая төгрөгийн хэмнэлт гарах юм.
Чулуут сумын ЭМТ нь нарны эх үүсвэрээр цахилгаан болон дулааныг шийдсэнээр жилд 40 тонн нүүрс түлэхгүй болж, цахилгааны зардал хэмнэгдэнэ.
Сэргээгдэх эрчим хүчний халаалтын системийн туршилтын төсөл нь Эрчим хүчний яамны захиалгаар Азийн хөгжлийн банк, Япон улсын “Ази, Номхон далайн бүс нутгийг цогцлоох сан”-ийн буцалтгүй тусламжийн санхүүжилтээр Чулуут сумын эрүүл мэндийн төвд хэрэгжиж буй нь энэ юм. Төслийн хүрээнд Эрүүл мэндийн төвийн барилгын дулааны алдагдлыг бууруулж, 80 кВт-ын хүчин чадалтай нарны цахилгаан үүсгүүр, 800 кВт*ц-ийн багтаамжтай хуримтлуур, агаар-ус төрлийн 90 кВт-ын хүчин чадалтай дулааны насосыг суурилуулсан байна.