Архангай: Төсвийн орлогын 60.4 хувийг тусламжийн орлогоор, 34.9 хувийг татварын орлогоор, 4.6 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ
Улсын төвлөрсөн төсвийн шилжүүлэг дэмжлэгийг оруулан тооцсоноор 2025 оны эхний 6 сард аймгийн төсөвт 28.7 тэрбум төгрөгийн орлого төвлөрүүлэхээс 38.4 тэрбум төгрөгийг төвлөрүүлж, төлөвлөгөөг 33.8 хувиар давуулан биелүүлсэн байна.
Орон нутгийн төсвийн орлогод 13.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлэхээс 15.2 тэрбум төгрөгийг төвлөрүүлж төлөвлөгөөг 14.9 хувиар давуулан биелүүлсэн байна. Төсвийн орлогын төлөвлөгөөг сумдууд 10.9 хувиас 1.6 дахин давуулан биелүүлсэн байна.
ЗУРАГ 11. ОРОН НУТГИЙН ТӨСВИЙН ОРЛОГО, ЗАРЛАГА хувиар

Аймгийн төсвийн орлогын 60.4 хувийг тусламжийн орлогоор, 34.9 хувийг татварын орлогоор, 4.6 хувийг татварын бус орлогоор бүрдүүлжээ.
Орлогыг нэр төрлөөр нь үзвэл бууны албан татвар, улсын тэмдэгтийн хураамж, түгээмэл тархацтай ашигт малтмал ашигласны төлбөр, газрын төлбөр, газрын дуудлага худалдаа, сонгон шалгаруулалт, ойн нөөц ашигласны төлбөр, ан амьтны нөөц ашигласны төлбөр, байгалийн ургамлын нөөц ашигласны төлбөр нь 4.9 хувиас 5.0 дахин давуулан биелүүлсэн байна.
Улсын төсвийн орлогод аж ахуй нэгжийн орлогын албан татварт 1040.2 сая төгрөг, дотоодын бараа үйлчилгээний нэмэгдсэн өртгийн албан татварт 1434.9 сая төгрөг, автын агаарын бохирдлын төлбөрт 80.2 сая төгрөг, ус бохирдуулсны төлбөрт 2.0 сая төгрөг, нүүрсний агаарын бохирдлын төлбөр 0.5 сая, суутгагчийн хуулийн этгээдэд олгосон орлогоос суутгасан татвар 2.9 сая төгрөг, оршин суугч бус этгээдээс суутгасан нэмэгдсэн өртгийн албан татвар 0.13 сая төгрөг, нийт 2560.9 сая төгрөгийг төвлөрүүлсэн байна.
Орон нутгийн төсвийн байгууллагуудын бараа, ажил үйлчилгээний зардлын хэмжээ 20.8 тэрбум төгрөг байгаагийн 44.2 хувийг цалин хөлсөнд, 5.5 хувийг нийгмийн даатгалын шимтгэлд, 50.3 хувийг бараа, ажил үйлчилгээ болон бусад зардалд зарцуулжээ.
Төсвийн зарлагыг эдийн засгийн салбараар харвал 81.1 хувийг орон нутгийн засаг захиргаанд, 13.4 хувийг боловсролын салбарт, 1.9 хувийг соёлын салбарт, 3.6 хувийг эрүүл мэндийн салбарт зарцууллаа.





Сэтгүүлч С.Пүрэвдулам
Daily news2025-07-30 | 17:59:23